ОДООГООР НЭРГҮЙ нэр өгч болно шүү

2011 оны 05-р сарын 29 Нийтэлсэн xx_ari

ОДООГООР НЭРГҮЙ

Баярлалаа гэж хэн нэгэнд хэлмээр

Бурханд хандаж шүлэг тэрлэмээр

Бодлын харгуйд хэн нэгнийг хүлээмээр

Босон сууж чамайг л үгүйлмээр. Тийм ээ.

Амьдрал нэртэй миний харгуйд чи

Асуулгүйгээр сэтгэлийн минь хонхыг дарж

Алсын талд цэцгийн үндсийг чийглэх

Аадар бороо шиг чи над дээр асгарсан.

Зөрөг замаар өнгөрөх эгэл олноос

Зөрж өнгөрөхдөө танисандаа би харамсаагүй ээ

Зэрэглээ адил сүүмэлзэх бодлын гунигаас илүү

Зүгээр л өнгөрөөд явчихсан бол харуусах байлаа.

Аяыг нь мартаж орхидог дууны шүлэг биш ээ чи

Аажим аажмаар замхрах талын зэрэглээ ч бишп

Ахин дахин дурламаар дэггүй зүрх билээ чи

Алхам алхамаар бичигдэх түүхийн хуанли юм аа чи.

Би

Ромын зүдэрсэн боолууд шиг сэтгэлийн тэнхээ хүсэхгүй

Роман, түүхэнд гардаг шиг их өрнөл зохиохгүй

Рахын их шунал шиг ганц наранд атаархахгүй

Рашаан булгын ундарганаас илүү ариунд тачаахгүй.

Рүүжин хэлхээ тасарсан ч эргэж холбохыг хүсэхгүй

Равжаа хутагт адил их найраг бичихгүй

Рокын хүнд хэмнэл мэт нүргээнт амьдралаас залхахгүй

Ромео, Жульет хоёр адил их хайраас чинь буцахгүй.

Аавын морин хуурын ихэр хоёр чавхдаснаас

Аялгуу гарах бүрт нь амьсгаа даран чагнахуйяа

Амтат сайхан уруулнаас чинь, асгарч унасан үгс чинь

Аяа. Миний сэтгэлд эргэж хургаад болохгүй нь ээ.

Гуймхай баахан сэтгэл минь чам руу тэмүүлж

Гал шиг дүрэлзэх залуу насаа чамаар гоёод

Гунигаа арилтал инээлдэж, хөтлөлцөж явсан мөчүүдээ

Гэнэ гэнэхэн дурсахуйяа сүг зураг шиг үймцэнэ.

Чиний тухай бүхэн сайхан дурсамж үлдээж

Чамтай алхсан зам дуу болон мөнхрөөд

Чамаар амьсгалсан бүхэн бодлын гүнд ээдрэхэд

Чамд хэлээгүй үгсээ эвлүүлж ядан суудаг

Амрагын дуу сонсоод гансарч суухдаа

Аманд нэр чинь эвлээд залгиж явахдаа

Авдар дотор хадгалсан шинэ дээлийн хаваас шиг

Аанай л чиний энгэрт хадаатай явахыг хүслээ

Аньс нуугдсан ойд хөл нийлүүлэн алхаж

Анир чимээгүй орчинд тэврүүлж зогсохыг хүслээ

Амьдрал тасрахгүй орчлонгийн торгоор хэмжишгүй үнэн

Амин зүрхний эрлэг минь БИ ЧАМД ХАЙРТАЙ.

 

Бардамнал

2011 оны 05-р сарын 22 Нийтэлсэн xx_ari

НАДАД ДУРЛАСАН ЦАС ЯВЖ ЧАДАХГҮЙ ХУРГААД 

НЭЭХ ДУЛААХАН ӨДӨР ДАХИН ДАХИН ОРООД БАЙНА

НАМАЙГ ХАРАХ ГЭЖ ЯАРСАН НАР ХҮРТЭЛ ДОГДЛООД

НЭГ Л МЭДЭХЭД МАНДЧИХСАН ХӨШИГНИЙ ЗАВСРААР ХАРЖ БАЙНА

НАМАЙГ ШОХООРХОХ БОЛЖИМОР НИСЭЖ ЗҮРХЛЭХГҮЙ ХОРГОДООД

НИМГЭН ХАШАА ДАМЖИН ӨГЛӨӨ БҮР ЖИРГЭХ ЮМ

НӨГӨӨ ДУУГҮЙ ЗАГАС ЧИНЬ НАДАД БАС Л ДУРЛАЧИХСАН

НҮДЭЭ АНИВАЛ АЛДЧИХНА ГЭЭД ТАС ШИРТЭЭД БОЛОХГҮЙ БАЙНА

БАРЬЖ ЯВСАН ҮЗЭГ МИНЬ АЛГА БОЛСОН БАЙХ ЮМ

БОДОЖ ОЛОХНЭЭ ТЭР ЗАЛУУ ДУРСГАЛ БОЛГООД АВЧИХАЖ

АЖИЛ БИЧЭЭД ҮЛДЭЭСЭН ӨНӨӨХ ДЭВТЭР ДЭЭР ЧИНЬ

АХИАД Л ХАЙРЫН ҮГ НЭГЭЭР НЭМЭГДСЭН БАЙХ ЮМ

ЦАГ АСУУХ ГЭЭД ЗАЛУУ ҮГЭЭ МАРТАЖ БУДИЛИАД

ЦАЙ УУЖ СУУХЫГ САНАЛ БОЛГОЖ ОРХИХ ЮМ

УТАС ДАХИН ДУУГРААД АВЧ АМЖААГҮЙ БАЙТАЛ

УЧИРЬЯ ГЭСЭН ХАЙРЫН ҮГ ЗАХИА БОЛООД ИРЭХ ЮМ

ХӨТЛӨЛЦӨЖ ЯВСАН НАЙЗ МИНЬ НУУЦХАН  НУДАРЧ ИНЭЭХ ЮМ

ХАЖУУГААР ӨНГӨРСӨН ЗАЛУУС ХАРЦ УНАГАСАНЫ ДОХИО Л ДОО

-БИ ЯАХ ЮМ БЭ? ТЭГЭЭД САЙХАН ТӨРЧИХСӨН ЮМ ЧИНЬ

-БУСДАД БИШ ӨӨРТӨӨ ШҮЛЭГ ТЭРЛЭХЭЭС ЯАХЫН



БИ ДУРЛАСАН ЭМЭГТЭЙ

2011 оны 04-р сарын 23 Нийтэлсэн xx_ari

ХАЙРЫН ТАТАЛБАР

МУ-ын СГЗ Гүрбазар

Та миний тэмдэглэлийн дэвтэрийн чимээг сонсож байгаа байх
Энэ олон жил хичнээн ч их хайрын шүлэг бичив дээ
Ханьдаа байтугай, үрдээ нууж явдаг тэмдэглэлийн дэвтрээ танд үзүүлж
Олон янзын хайр сэтгэлийн шүлгээсээ танд дуулгая

Бодлын шалтаг миний хайртай тэднийх минь
Борооноор хоёр дээвэр норох айл зэргэлдээ
Үдшээр хөөрөлдөх яриа нь туурга нэвт ойрхон ч
Үе үенийх нь дэрний нь дэргэд жаргалтай ч
Үрээ энхрийлж ханиа аргадахыг нь сонсоод
Үүрстэл санаа алдахад нүүгээд явчих шиг ээ

Хар торгон хамжаарыг чинь боржгонд харлаа, Хандармаа
Үзтэл хөөрхөн царайг чинь үзэмчинд үзлээ, Хандармаа
Ангир цагаан цээжийг чинь эр болохдоо тэвэрлээ, Хандармаа
Ардын дуу гэж бодоод хэсэгтээ мартлаа, Хандармаа
Хандармаа, ханиасаа нуусан харцны минь жаргал нь юм билээ, Хандармаа
Үрдээ ч яриагүй үнэний зовлон нь юм байна лээ, Хандармаа

Явах мөчөөр дөхөхөд ярилцах маань улам цөөрч
Хөөрхөн цээжинд чинь цохилох зүрхний чимээ л харин
Хэлж амжаагүй үг бүхний амьд халуун гэрч мэт
Үдэхдээ үхэхийн хэртэй цовхчих зүрхний чинь чимээнээс
Надад хайртайгий чинь наслахын хэртэйд үнэн байгаад би итгэж байна
Яалтай ч билээ дээ миний нууцхан хайр минь

Салхи салхиндаа туньсан цэцэгс хүртэл буруутай
Санаад л байхаа мэдсэн бол сэтгэл минь хүртэл буруутай
Буцаад ирдэг шувууд нь нуураа орхисон нь буруутай
Бодоод байхаа мэдсэн бол өөрөө өөртөө би буруутай
Шивэрч л байг бороо юм чинь
Сэмэрч л байг сэтгэл юм чинь
Учирсан хань минийх байх юм шиг эндүүрч
Яасан их харамлана вэ би хайраа
Яв даа чи минь яв даа чи минь
Чи ямар гунигтай байх ёстой гэж үү
Жаргалынхаа дундаас чи минь эргэж битгий хар
Заяа заяаныхаа жамыг л дагъя даа хоёулаа

Гунихдаа уншдаг эссэний шүлэг худлаа
Гуравхан хоноод ирэх гэрийнхэн минь худлаа
Дуулж хүртэл үзлээ ая нь нэг л худлаа
Дурсаж хүртэл бодлоо хэлсэн нь нэг л худлаа
Салхинд нь сэмэрдэг сэтгэлтэйг минь
Тэнгэр нь яаж үгүйших вэ дээ
Санахдаа гуньдаг хайртайгий минь
Тэр минь яаж мэдэх вэ дээ

Ханьдаа ч яриагүй үнэнээ чамд хэлсэн
Хэлсэн үнэнээр минь чи намайг чөдөрлөсөн
Чөдөртэй санаанд чинь сэтгэл догонцохдоо
Чөтгөрт итгэсэн өөрийгөө зэмлэсэн

Чамайгаа би чинь хаашаа ч явуулмааргүй санагдан хорогдоод байна
Хажууд эрхэлсэн сайхан инээдийг чинь
Хаанаас ч ахин сонсохгүй юм шиг санагдаад байна
Хойд уулын солонго урд хөндийн салхи нь
Хүний л юм шиг бодогдон бодогдоод горьгүй нь ээ

Бороотой шөнийн гудамжаар чамруугаа яаран алхахдаа би дуртай
Болор мөнгөн дуслаар нь сормуусаа үнсүүлэн эрхлэхдээ би жаргалтай
Одоохон, одоохон чамтайгаа уулзна гэхээр очих газрын холыг яана
Бие биедээ тэмүүлэн очтол борооны чимээ зогсвол яана

Шөнөөр шивэрсэн бороо үүрээр татрах болов уу
Чиний манасан зүүдэнд саран түрүүлж гийх болов уу
Орой бүүдийсэн тэнгэр нь үдшээр цэлмэх болов уу
Очоод үнсэхээр чамтайгаа өглөө хурдан учрахсан
Баруун баруунаас саатан жаргах нарны цоохор гуниг сарниж
Бадаг санаанд минь өөрөө шивэрсэн бодлын бороо ороосой

Үг үнсэлт хоёрын халууныг санаач
Уул үүл хоёрын ижилсдэгийг санаач
Энэ л хайр чамгүй байвал
Хорин хавар эзгүйрнэ
Догдлон байж үнссэн уруулд минь чи итгэхгүй юм
Долоон уулын цас ханзарна шүү дээ хонгор минь

Сартай шөнө чамтайгаа чингэлэг дээр унтахсан
Унтчихсан юм шиг чимээгүйхэн дугжрахсан
Дугжрах амьсгааг чинь аргадан амьсгалсанаа
Дуугүйхэн эргээд харахад
Гэзгийг чинь илбэхсэн

Үрийнхээ нэрийг марттал уймарсан эх ч гэсэн
Өвөр цөмөлж учирсан анхны хүнээ санадаг л юм даа

Ингээд уншаад байвал хайрын тухай хичнээн олон бадаг шүлгийг би танд уншиж болхоор байна.
Зүгээр би бодоход хүн гэдэг үхэн үхтлээ дурлаж явдаг амьтан шүү…

Дараа уншъя хүн ирж байна…